Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр буюу Монреалийн протокол хүчин төгөлдөр болсны 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас ард иргэдэд озоны давхаргын ач холбогдол, хамгаалах ажлын үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг хийсэн байна.
Озоны давхарга нь нарнаас ирдэг хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалагч давхарга юм. 1970-аад оны сүүлчээс дэлхийн эрдэмтэд озоны давхаргад нүх үүсч, хүн төрөлхтний амьдрал аюул учирсныг анх удаа судалж мэдсэн байдаг. Тиймээс хариу арга хэмжээ авч дэлхийн улс орнууд хамтран 1985 онд “Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, 1987 онд “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг тус тус хэлэлцэж баталсан байна.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр: “Дэлхийн дулаарлын улмаас манай улсад 3 жил тутам тохиодог байсан ган гачиг жил бүр ажиглагдаж, малын бэлчээрийн ургамалын ургац буурч, зарим нутагт үер усны аюул нэмэгдэх болсон. Иймд дэлхийн дулааралд нөлөөлдөг хөргөгч бодисын хэрэглээнээс зайлшгүй татгалзах шаардлага бидэнд гарч байгаа. Аливаа бодис, техник технологийг ухамсартай, зохистойгоор хэрэглэж байгаль орчноо хамгаалахад иргэдээ уриалмаар байна” гэв.
БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн: Озоны давхарга үгүй болвол хүний дархлааг маш ихээр унадаг. Хүн төрөлхтөн ямар ч өвчнийг эсэргүүцэх, тэмцэх чадваргүй болж өвчлөл ихсэх юм. Мөн нүд, арьс гэмтэх асуудал ихээр гарах болно. Тэр дундаа нүдний цагаа унаж, болор цайрах, төрөл бүрийн арьсны халдвар өвчин үүсэх, тархах гэх мэт эрсдэлүүдийг нэрлэж болно. Тиймээс озоны давхаргыг хамгаалах цаашлаад озоны давхаргыг нөхөх, хуучин хэвэнд нь оруулахаар дэлхийн бүх улс орон нэгдэж, тэмцэн ажиллаж байгаа юм” гэж мэдээллээ.
Озоны давхаргаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь зөвхөн дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш бөгөөд иргэн бүр хөргөгч, хөргүүртэй агуулах, зоорь, тасалгааны болон автомашины агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар хувь нэмрээ оруулна гэдгийг онцолсон юм.