Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Чойжин ламын сүм музейд “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан Монголын эртний соёлын болон түүхийн дурсгалыг тээж ирсэн эд өлгийн зүйлсийг дохионы орчуулгатайгаар танилцуулсан байна. “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөгт сонсголгүй 300 иргэн оролцжээ.
Анх 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо анхны конгрессыг хуралдуулж, улмаар жил бүрийн есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг ОУ-ын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон 1958 оноос эхлэн тогтмол тэмдэглэх болсон юм.
Эдгээр өдрийг Монгол улс 2009 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд 2020 оныг “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөгийг ХБХХЕГазар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн цаашдаа сонсголгүй иргэдийн долоо хоногийг өргөн хүрээтэй тэмдэглэж, олон нийтэд эерэг хандлагыг төлөвшүүлэх, сайн сайханд уриалах, хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэхийн төлөө нөлөөллийн олон ажлууд хийхээр төлөвлөжээ.