Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч Т.Энхбаяр, Т.Золбоо, шүүгдэгч Д.Ганбат, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт холбогдох хэсэгт доорх өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:
“...шүүгдэгч Д.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Ганбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, харин шийтгэх тогтоолын шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, С.Мандахбат нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ