"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал ажилтай Б.Хишигдоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан хэрэг 2019 оны 06 дугаар сард гарсан.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Хишигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Хишигдоржийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Хишигдоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг талууд хоорондоо харилцан тохиролцсоныг шүүхээс хангаж шийдвэрлэв.
Эх сурвалж : Баянгол, Хан-Ууул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар