Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн нутагт баригдах түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын үзэл баримтлал, үзүүлэг дэглэлтийн хэлэлцүүлэг өнөөдөр “Blue sky” зочид буудлын хурлын танхимд боллоо.
Хэлэлцүүлгийн нээж Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ “Эдгээр цогцолборыг байгуулснаар түүх, соёлын биет бус өв, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын хот, сууринг олноор олон улсын ногоон хотын норм, стандартын дагуу төлөвлөн хөгжүүлж, түүх соёлын аялал жуулчлалтай хослуулсан кластеруудыг байгуулан эдийн засгийн өсөлтийг бий болгох, хойч үеийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Иймээс эрдэмтэн судлаачид, аялал жуулчлал, түүх, соёлын мэргэжилтэн Та бүхний боловсруулсан эрдэм шинжилгээ, судалгааны санал Монголын түүхэн аялал жуулчлалын хөгжил, цаашлаад эх орны нийгэм, түүх, соёл, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Их Монгол Улс Монголын Эзэнт гүрэн”, “Чингис хаан”, “Шихихутаг-Нууц товчоо”, “Хүлэг Боорчи-Андлалын өргөө”, “Монголын нууц товчоон” түүхэн аялал жуулчлал, “Далд уурхай сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн зургаан томоохон цогцолборыг Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Норовлин, Батноров, Өндөрхаан, Дэлгэрхаан суманд байгуулж байгаа.
Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр суманд 25 га газарт барих 21 метр өндөр “Их Монгол Улс Монголын Эзэнт гүрэн” цогцолборын гол өргөө нь 500 хүний суудалтай, орой дээрээ 9 хөлт цагаан туг залсан байх юм. Энэ цогцолборыг өнгөрсөн хоёр жилд хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Харин Улаанбаатараас 600 км зайтай Дадал сумын нутагт барих “Чингис хаан” цогцолборыг Их Монгол Улсын хаадын тамгыг тэнгэрийн бэлгэдэл болгон агаарт харагдах байдлаар 36 метр өндөр хэмжээтэйгээр босгож байгаа бөгөөд нийт 250 хүний багтаамж бүхий цогцолборыг анфи театр, үзвэр үйлчилгээ, музейн зориулалтаар байгуулж байна.
Эдгээр 6 цогцолборын түүхэн аялал жуулчлалын хувьд ямар ач холбогдолтой, жуулчдыг татах ямар үйлчилгээ явуулах, аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүн байх, бие биенээ хэрхэн нөхөж ажиллах, хэтийн зорилго, үйл ажиллагааг тодорхойлох ажлын баг байгуулан, өнгөрсөн хоёр сарын хугацаанд боловсруулсан саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам хамтран зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр ярилцав.
Уг хэлэлцүүлэгт түүх, угсаатан, археологи, батлан хамгаалахын эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо.
Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын бүтээн байгуулалтын ажил 40-50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Таны сурталчилгаа