БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 2020.09.20-нд есөн настай охин нас барсан гэх хэрэгтэй холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хуралдаж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонсч цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ. Энэ үеэр ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Дагиймаа урьдчилсан дүгнэлт гарсан талаар мэдээллээ.
"Талийгаач охины нүүр дух, зүүн хацарт хуучин зулгаралттай, баруун зүүн хавирга 2-3 дараалсан хугаралттай, хугаралт эдгэж бороолсон байжээ. Мөн 12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний урагдалттай. Энэ нь тодорхой гадаргуутай зүйлээр цохисны улмаас үүсэх боломжтой. Бүдүүн нарийн гэдэснээс эхлээд дотор эрхтэн нь маш ихээр гэмтсэн, гадаргуутай зүйлээр цохиж гэдэс нь цоорсон учраас доторх агууламж нь биед нь тархаж үрэвсэл үүсгэсний улмаас амиа алдсан байх боломжтой" гэх тайлбар өглөө.