Цаг үеийн мэдээ

Үе үеийн Их Хурлын дарга нарын “Их Хуралдай” клуб байгууллаа. Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцсон юм. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион байгуулах ажилд оролцож байгаа тул хараахан хүрэлцэн ирж амжсангүй байна. 

Ойн хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, цахим парламент болох, 30 жилийн хугацаанд Монголын парламентын олсон ололт, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, үе үеийн парламентчдын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс суралцах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын засаглалтай улс орнуудад “Спикерүүдийн клуб” гэж байдаг жишгийн дагуу үе үеийн Их Хурлын дарга нарын “Их Хуралдай” клуб байгуулах санал тавьсныг Их Хурлын дарга нар санал нэгтэй дэмжсэн байна.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм.

“Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллана. 

Таны сурталчилгаа