Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд, Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгохоор тогтжээ.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олголоо.
Мөн инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм.
Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Мөн Тавантолгойн нүүрсний ордын уул уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргын төлөвлөлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд нарт даалгалаа.
Төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаах юм.