Төрийн Албаны Зөвлөл (ТАЗ) болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Чадахуйн зарчмын хэрэгжилт ба хүний нөөцийн аудит” сургалтыг төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, 21 аймаг, яамдын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулан өнөөдөр зохион байгуулж байна.
Ноднин 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанд хүний нөөцийн аудит (ХНА) хийх үүргийг ТАЗ-д өгсөн. Хүний нөөцийн аудит нь харьцангуй шинэ сэдэв бөгөөд сонгон шалгаруулалт, томилгоо, албан тушаал дэвших, шилжилт, үнэлгээ, урамшуулал, сахилгын арга хэмжээ, ёс зүйн дүрэм зэрэг төрийн албаны хүний нөөцийн удирдлагын бүхий л асуудлыг хамруулах боломжтой. Сургалтын үеэр Канадын хүний нөөцийн мэргэжилтнүүд Канадад хүний нөөцийн аудит хийж буй туршлагаас танилцууллаа.
Тус сургалт нь төрийн албаны шинэтгэлийн гол зорилтуудыг хэрэгжүүлж, ёс зүйтэй, тогтвортой, хараат бус, жендэрийн тэгш эрхийг хангасан, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх алхам болж байна. Сургалтыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБХХ болон ТАЗ хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг ажээ.