Коронавирус буюу КОВИД-19 нь дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд ДЭМБ-аас 2020 оны 3-р сарын 11-ний өдөр цар тахал хэмээн зарлав. Энэхүү КОВИД-19 өвчний дэгдэлт дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн амьдралд ноцтой сүйрэл, амиа алдах, эдийн засгийн хүндрэлийг авчирч байна. Түүнчлэн олон улс орны эрүүл мэндийн тогтолцоог туршсан, олон хүний амь амьжиргаанд нөлөөлж дэлхийн олон улс орнуудын эдийн засгийг сүйтгэж байна.
Орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг 2020 оны 9 дүгээр сарын 26-нд “Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол орчны эрүүл мэнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр Орчны эрүүл мэндийн олон улсын холбооноос шийдвэрлэжээ. Энэхүү уриа нь дэлхий даяар тахал өвчний анхны хариу арга хэмжээ авснаас хойш халдварт өвчний дэгдэлтийг судалж, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд, тархвар судлаач нарт чиглэгдсэн болно.
ДЭМБ-аас “Орчны эрүүл мэнд нь хүн амын өвчлөлийг бууруулах болон агаар, ус, хөрс, хоол хүнс зэрэг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс оршин суугчдыг хамгаалах стратеги, хөтөлбөрүүдийг сайжруулах, иргэдийн амьдрах эрүүл орчинг бүрдүүлэхийн төлөө ажилладаг нийгмийн эрүүл мэндийн цогц тогтолцооны нэг хэсэг мөн” гэж тодорхойлжээ. ДЭМБ-ын мэдээлснээр (2020 он) дэлхийн хэмжээнд нас баралтын 24% нь хүрээлэн буй орчинтой холбоотой байдаг жилд 13.7 сая хүн нас бардаг байна.
Хүрээлэн буй орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд (EHPs) нь хүний ажиллаж, амьдарч буй орчин нөхцлийг сайжруулахад туслах замаар нийгмийн эрүүл мэндэд томоохон өөрчлөлтийг бий болгоно. “Ковид-19” цар тахал дэлхий нийтэд тархсантай холбоотойгоор тогтоосон хөл хориог цуцлан үзвэр, үйлчилгээний бүх газрын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхэлсэн. Мөн "Засгийн газар 2020 оны 09 дүгээр сарын 15-нд ээлжит бусаар хуралдаж 09 сарын 21-нээс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан тухайн сургууль өөрийн менежментийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах шаардлагатай байна.
Иймд “Цар тахлаас үүдэлтэй хог хаягдал, усны хомсдол, гадаад дотоод орчны цэвэрлэгээ халдваргүйтэлд олны анхаарлыг хандуулах коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг нийслэл болон орон нутагт зохион байгуулах ажлын чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.