Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 онд 10 мянга, 2020 онд 7 мянга 600 гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага иржээ. Иймээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид эргүүлээр судалгаа хийх ажлын төлөвлөгөөг баталсан аж.
"Саяхан 9 настай охины амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. 2018 онд "Охин алга болчихлоо" гэсэн дуудлага өмнө нь ирж байсан. Удалгүй охин хөдөө жижиг нүхэнд унасан байсан гэх дуудлага ирсэн болохоор хэргийн газар очиж шалгаагүй. Үүнээс харахад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай юм. Хуулийн байгууллага хэргийг шийдэж хариуцлагыг холбогдох этгээдэд тооцно. Хөршийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг иргэн бүр ороцох шаардлагатай" гэдгийг БЗ дүүргийн Засаг дарга Т.Баясах онцолсон юм.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 120 мянган хүүхэдтэй бөгөөд үүнээс 0-4 насны нийт 44 мянган хүүхэд, 5-18 насны 76 мянган хүүхэд амьдардаг байна.