ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон COVID-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр цахимаар хуралдлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг товч танилцуулж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд цар тахлын үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг даван туулах чиглэлээр УИХ-аас баталж Засгийн газраас хэрэгжүүлсэн цогц арга хэмжээнүүдийг тайлагнав.
Түүнчлэн УИХ-аас “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” баталж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ цар тахлыг нийгэм, эдийн засгийн хувьд аль болох хохирол багатайгаар даван туулах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зорилтод хүрэх талаар авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээг танилцуулсан юм.
Хурлын нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “COVID-19” цар тахлын халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувьд дархлаа тогтсон гэдгийг олон улсын эрдэмтэд мэдээлж байна. Харин манай улсын хувьд дотооддоо халдвар алдаагүй тул иргэдэд уг вирусийн дархлаа тогтоогүй. Иймд бид цар тахлын эсрэг вакцин гармагц яаралтай авч иргэдээ вакцинжуулан хамгаалах зорилго тавьж байна” гэлээ.