Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр багтсан бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын зарим цэцэрлэг, ерөнхий боловсрол, их сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явцтай  танилцжээ. 

Жаргалант суманд баригдаж буй “Цаст-Алтай” сургуулийн 640 хүүхдийн суудал бүхий өргөтгөлийн барилга, 10 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн ор бүхий өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч компаниудтай БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр уулзаж, аль болох хугацаанаас өмнө ашиглалтад өгөхийн тулд шуурхай ажиллахыг хүсэв.  

Тус аймгийн хувьд 2-5 насны  8647 хүүхэд байгаа бөгөөд энэ хичээлийн жилд өнөөдрийн байдлаар 6145 хүүхэд цэцэрлэгээр хүмүүжиж байгааг наймдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр БСУГ-ын дарга танилцуулж байна. Хэрвээ наймдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг яаралтай шийдвэрлэж чадвал хамран сургалт улам сайжрах аж. 

Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 2 төвд нийт 1838 багш, ажиллагсад  ажиллаж, 20200 суралцагч суралцаж байна. Хөдөөгийн ард иргэдийн хүүхдийг сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж 17 сумын 21 дотуур байранд 1816 хүүхэд амьдарч, 176 багш, ажилтан ажиллаж байгаа талаар БСУГ-ын хамт олонтой уулзах үеэр танилцуулсан байна.  

Үргэлжлүүлэн Баян-Өлгий аймагт ажиллаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хамт Өлгий сумын 7 дугаар цэцэрлэг, 7 дугаар бага сургууль, бүрэн дунд боловсролын 5 дугаар сургууль, Толбо сумын сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Өлгий сумын бага сургууль, цэцэрлэг нь аж ахуйн аргаар барьсан байртай бол 5 дугаар сургууль зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тиймээс шинэ байр, өргөтгөл барьж өгөх хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг хүссэн юм. 

Баян-Өлгий аймагт энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 44 сургууль, 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Таны сурталчилгаа