2020.09.28-аас 2020.10.01-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1646 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1124 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –15
- Унадаг дугуйтай зорчигч мөргөх-2
- Мөргөлдөх хэлбэрээр-4
- Онхолдох хэлбэрээр -1
- Тээврийн хэрэгсэл өнхөрч-1
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.10.01-ний өдрийн 14:36 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавьлуут баг / Гашуун сухайт хилийн боомт орох 118 км/ асфальтан замд JAC маркийн автомашин онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон.
2020.10.01-ний өдрийн 22:47 цагийн орчим БЗД-ийн 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Тэнгэр худалдааны төвийн баруун замд Toyota prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 84 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироосон.
Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 421 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, түүгээр гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж үүрэгтэй тул замын хөдөлгөөнд үүргээ биелүүлж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.