Цаг үеийн мэдээ

Төрийн бүх үйлчилгээг иргэд цахимаар авч хууль, эрх зүйн орчин улам боловсронгуй болж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:

"10 дугаар сарын 1-нээс туршилтын хэлбэрээр эхлүүлсэн E-Mongolia аппликэйшн иргэдийн дунд хамгийн эрэлт өндөртэй аппликэйшнээр нэрлэгдлээ. Одоогоор төрөөс иргэдэд үзүүлдэг 110 төрлийн үйлчилгээг шууд гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөөсөө авах боломж бүрдээд байгаа бөгөөд өнгөрсөн 5 хоногт Иргэний цахим үнэмлэхний сунгалт, гадаад пасспорт болон жолооны үнэмлэхний захиалгын үйлчилгээнүүд хамгийн өндөр хандалттай байлаа. Цаашид энэ тоог нэмэгдүүлж ойрын хугацаанд нийтлэг 181 төрлийн үйлчилгээг багтаах бөгөөд урт хугацаандаа төрөөс үзүүлдэг нийт 11,250 орчим үйлчилгээг бүгдийг нэг дор төвлөрүүлэхээр зорин ажиллаж байна. 

Хууль эрх зүйн хүрээнд мэдээллийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, мэдээллийн өгөгдөл, хамгаалал, төрийн цахим харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох шинэчлэлт өөрчлөлтийг хийхээр бэлтгэж байна. 

Дашрамд уг төслийг маань дэмжиж E-Mongolia аппликэйшнд нэвтрэхэд ДАТА шаардахгүй, үнэгүй болгосон бүх үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуддаа баярлалаа. Хууль эрх зүйн орчин шийдэгдэж байна, төслийг Засгийн газар, холбогдох агентлаг хийгээд гүйцэтгэчихлээ. Одоо иргэдэд ашиглуулж хэвших, тэдний хэрэглээг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, үүрэн телефон харилцаа холбооны компаниуд энэ мэтчилэн манлайлал үзүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

 

Таны сурталчилгаа