Цаг үеийн мэдээ

Байгаль орчны төлөв байдлын мэдээллээр, Монгол орны ойн сангийн ой бүхий талбайн хэмжээ сүүлийн таван жилд тогтворжиж, 2017 онд 7,9 хувь байсан нь өнгөрсөн онд 8 болж 0,1 хувиар нэмэгджээ.

Улсын ойн сангийн нийт хэмжээний 83,1 хувийг хамгаалалтын бүсийн, үлдсэн хувийг ашиглалтын бүсийн ой эзэлдэг аж.

Монгол орны ой байгалийн аясаараа тэлэн ургах хязгаарлагдмал орчинд, уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг. Нөгөө талаар ойн түймэр, хортон шавж, хууль бус мод бэлтгэл, уул уурхай гээд хүний үйл ажиллагаанаас улбаатай нөлөөлөлд хялбар өртөх эмзэг экосистем юм.

Манай орны ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, ургамал амьтан, бичил биетний амьдрах таатай орчин бүрдүүлэх, хүлэмжийн хийг шингээх, мөнх цэвдгийг тогтоох, цөлжилтийг сааруулах гээд экологийн хувьд асар өндөр ач холбогдолтой билээ.

“Хэр эрүүл ой болохыг тодорхойлох, ойрхог чанарын чухал үзүүлэлт байдаг. Үүнийг ойн сангийн нийт талбайтай андуурах нь бий. Ойн сангийн эрүүл ой бүхий талбайн хэмжээ 12,5 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг эзэлдэг”-ийг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын шинжээч Б.Отгонсүрэн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулах үеэрээ мэдээллээ.

Ойн сан бүхий газар нь Монгол орны хойд хэсгийн шилмүүст навчит ой, говь, цөлийн бүсээр тархан ургасан заган ойгоос бүрддэг. Монгол Улсын ойн сангийн нийт хэмжээ 18,6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11,9 хувийг эзэлдэг аж.

 

Таны сурталчилгаа