Цаг үеийн мэдээ

СЭМЖИД ХУЖИР РАШААН СУВИЛАЛ МЭДЭГДЭЛ

Сэмжид хужирт рашаан сувилал нь 2015 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа харьцангуй залуу хамт олон юм. Тус сувиллын ард том толгойтой дарга битгий хэл, хөрөнгө оруулагч компани ч байхгүй бөгөөд банкны зээл, ажилчдынхаа хүч хөдөлмөр, сувилуулагчдынхаа итгэл найдварын хүчээр дөнгөж өндийж буй байгууллага билээ. 

Товчхондоо бид модоо хагалж, усаа зөөж, тоосгоо эвлүүлсээр өнөөдрийн түвшиндээ ирсэн.  ЭМ-байгууллагад боловсролын яамнаас бусад бараг бүх яамнаас шалгалт орж ирдэг. Өгүүлбэрийнхээ заалт бүрийн эхнээс огтлоно, тайрна гэсэн хууль журамын "ГАЛ" дунд төрийн дарамтыг хангалттай амсаж яваа.  

Ажилчидтайгаа хамтран жил бүр цалингаа 10% өсгөх зорилт тавьж 2020 оны эхэнд цалингаа 30% хүртэл нэмж цар тахлын хүнд хэцүү үеийг сөрж ажилласан. Аймгийн ИТХ-ын шийдвэрийг дагаж 2019 оноос ная гаруй сая төгрөгийн өртөг бүхий машин зээлээр авч бохир усаа 55км зөөвөрлөж байна. Үүнд жилдээ 40 орчим  сая төгрөг зарцуулдаг.

Нөр их ажлынхаа хажуугаар ажилчид маань сувилуулагчиддаа орой бүр  концерт тоглож олсон орлогоороо хоёр айлыг орох оронтой болгосон.

 Хөлбөмбөгийн “Титэм хужирт” клубыг анхнаас нь байгуулалцаж, ивээн тэтгэлцэж улсын аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль авахад нь хувь нэмрээ оруулжээ.

 Энэ өвөл гэхэд орон нутгийн 500 гаруй иргэнийг 50% хямдралтай, тусламж хэрэгтэй 20 гаруй иргэнийг тус тус үнэгүй сувилж, постод гарч буй онцгой байдлын албан хаагчдыг гэр бараа, хоол хүнсээр хангах ажлыг тасралтгүй явуулж ирсэн.  

Санаачилсан олон нийтийн ажил, хандив, тусламжуудаа нийгэмд сурталчилж магтуулах, төрд мэдүүлж шагнал горьдож яваагүй. 

Цар тахлын үеийн нөхцөл байдлыг дүгнэж 2020 оны 11 сарын 12-ноос 60 хоногийн хугацаатай, 2021 оны 02-01-нээс 20 хоног үйл ажиллагаагаа зогсоож байсан. Үндсэндээ бид энэ өвөл 3 сар шахуу ажиллаагүй билээ.

АОК-ын шийдвэрийн дагуу орон нутгийн иргэддээ тодорхой хязгаартай үйлчилж байгаад  Өвөрхангай аймгийн засаг даргын А/100 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотоос ирэх сувилуулагчдаа PСR шинжилгээтэй, ногоон бүсээс ирэх сувилуулагчдаа хэвийн горимоор хүлээж авсан.  

Улаанбаатар хотоос 2021 оны 03 сарын 05-наас 50 гаруй хүн хүлээн авч үйлчилсэн. УБ хотын иргэд PCR шинжилгээтэй байж 3 удаагийн хяналт шалгалтыг нэвтэрч ирдэг. Бид давхар шалгадаг.

Аймгийн онцгой комисс  УБ хотоос сувилуулагчид авахыг хориглосон хугацаа буюу 03 сарын 13-ны оройноос хойш ахиж УБ хотын хүн хүлээж аваагүй. 3 сарын 15нд УБ хотоос сувилуулагчид хүлээж авсан гээд байгаа нь Хужирт рашаан сувилал хаасны улмаас шилжиж  ирсэн хоёр хүн юм. Тэдгээр хүмүүс 3 сарын 10нд ирээд сувилуулж байсан. Шуурганаар шилжиж ирсэн 13 хүнээс хоёр хүний хариу эерэг гарсан.          

   Миний бие өөрөө 2021 оны 03 сарын 10нд гэр бүлийн хамт PCR-ийн шинжилгээгээ өгөөд Хужирт суманд очсон. Надтай хамт очсон хүмүүсийн ихэнх нь хоёр удаагийн давтан PCR шинжилгээтэй байсан.  Гадаа байшинд зарим нь, бусад нь нэг талдаа байрлаж бусад сувилуулагчидтай холилдохгүйгээр тусдаа хооллож байсан.

Хоёр удаа заланд тоглосны нэг нь амралтын өдөр таарсан. Гэхдээ сургуулийн хаалгаар бус залны гадна хаалгаар орж орон нутгийн хүнтэй хавьтал үүсгээгүй. Тухайн үед спорт зал төлбөртэй үйлчилж байсан болно. Ямар ч уралдаан тэмцээн болоогүй. Амьд 15 гэрч бий.  

Улмаар 2021 оны 03 сарын 13-ны УОК-ын шийдвэр, АОК-ын чиглэлийн дагуу 03 сарын 15-ны өглөө бүх хүмүүсээ аваад УБ хотруу буцсан болно. УБ хотод ирээд өгсөн манай ихэнх хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан ба өчигдөр шинжилгээ өгсөн гурван хүний хариу хүлээгдэж байна.  Манай гэр бүлийн хариунууд ч сөрөг гарсан.

Өвчин хэлж ирэхгүй хийсч ирнэ. Сэмжид хужирт рашаан сувиллаас эхэлж илэрсэн болохоос халдвар хаанаас анх тарсаныг одоогоор хэн ч тогтоогоогүй. Санаатай, санаагүй ам дамжсан мэдээлэл газар авч түүнийг нь хэвлэл мэдээлиийн хэрэгсэл, сошиал мэдээгээр улс орон даяар цацаж, нийгэмд үзэн ядагдах хандлагатай байна. Ажилчидруу, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэдрүү чиглэсэн ялгаварлан гадуурхалт ил далд мэдрэгдсээр байна.

Зарим албаны хүмүүс биднээс тайлбар авахгүйгээр сонссоноороо мэдэгдэл хийж буй нь нийгэмд ташаа мэдээлэл тарахад хүргэлээ. Төрийн байгууллага нь 400 хүнд хуурамч шинжилгээ бичиж өгөөд орон нутагруу тараачихсан энэ тохиолдолд бид хэнд итгэж найдах юм бэ?

Төр удирдаж буй дарга нар нь үйл олноороо маскгүй тэврэлдэж буйгаа ТВ-ээр сурталчилж байхад бид иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахиулахад амаргүй байлаа. Бидэнд дотоод алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ээ. Буруугаа бусадруу чихэх бодол ч алга.

Энэ завхралын эцсийн тусгал болж хамт олноороо яллуулж буйдаа үнэхээр харамсч байна. Рашаан сувилалд тангаргаа өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага.

Орон нутаг, улс орон даяар нөхцөл байдал хүндэрвэл Сэмжид хужир рашаан сувилал нь “ор дэлгэх”-ээр орон нутгийн нөөцөд авагдсан байсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагадаа талархъя.

Бидний нөхцөл байдлыг ойлгож цар тахлын хүнд үеийг даван туулахад сэтгэлийн дэм өгч буй иргэд, сувилуулагчид, хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа. 

Өнөөдрийг хүртэл манай байгууллага нэг ч реклам хийж үзээгүй, захирлын хувьд би ажлынхаа талаар хувийн аккаунтдаа ганц ч удаа бичиж үзээгүй билээ.  

Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас сүүлийн жил гаруй хугацаанд зайнаас ажлаа удирдсан “АЛДАА” бий. Албан байгууллага бүрд зовлон, жаргал бий. Шуурганаар салсан дээврээ янзалж, иргэн хүн шиг зээлээ төлж, цалингаа авч цаашид амьдрах ёстой. Хөлсөө дуслуулан зүтгэх хамт олныхоо улаан гарнаас өөр “аргүй” жирийн нэг сувиллыг ойлгохыг хичээгээрэй. Цалин, татвар, зээлийнхээ ард гарчихаад сар бүр баярлаж байдаг дөч гаруйхан хүнтэй хамт олон юм шүү.

Энэ жил бид цалингаа нэмж, хамт олноороо орон сууцтай болох зорилт тавьж урам зориг дүүрэн байлаа. Манайх даргын нуруун дээр бус ажилчдынхаа нуруун дээр явдаг газар аа.   

        Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж бүх хүмүүсээс уучлалт гуйя.

                    ЗАХИРАЛ А.БЯМБАСҮРЭН

Таны сурталчилгаа