Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос Олон улсын олимпын өдрийг угтан Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарлаа.
“Спорт-Олимпын алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадам” сэдэвт энэхүү уралдаанд 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс хамгийн балчир нь зургаан настай Ч.Уянгахур байв.
Ингээд дүн гарахад Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Энхбаатарын Хүслэн тэргүүн байр эзлэв. “Манай дэлхийн спортын гайхамшиг “Токио-2020” олимп, олимпын түүхээс” нэртэй түүний бүтээл олимпын наадмын гол спортын төрлүүдийг уран нарийн дүрсэлсэн нь онцлог байв.
Дэд байрт Налайх дүүрэг дэх “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Энхтөрийн Ану-Үжингийн “Чөлөөт бөхийн олимпын аварга Монголоос төрлөө” бүтээл шалгарлаа.
Гуравдугаар байрт 105-р сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржингийн “Токио-2020” нэртэй зураг шалгарав. Тэрбээр зурагтаа Токиогийн олимпод оролцож буй Монголын бүх тамирчид төрөл тус бүртээ ялалт байгуулж, улсынхаа далбааг мандуулж буйг дүрсэлжээ.
Түүнчлэн Баянгол дүүргийн 38-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Чинзоригийн Цэцүгэний зурсан “Уранцэцэг эгчийн ялалт” болон Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл шагналт байр эзэллээ.
Гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг Олон улсын олимпын өдрөөр/06.23/ МҮОХ-ны төв байранд Олимпын аварга Э.Бадар-Ууган гардуулан өгнө.