Цаг үеийн мэдээ

XVII жарны элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр “Монгол Улсын аварга малчин, саальчин, тариаланч хамт олон”-оор шалгарсан хоймор нутгийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч иргэдэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан шагнал гардууллаа. 

УЛСЫН АВАРГА МАЛЧНААР Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Энэбишийн Өлзийбадрах, Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Бат-Очирын Мөнхбат, Рашаант сумын Их-Ац багийн малчин Дашчаагийн Даваажав, Их-Уул сумын Их-Уул багийн малчин Төмөрийн Отгонтогтох нар шалгарлаа. 

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн саальчин Дэмбэрэлийн Нямсүрэн шалгарлаа. Тэрбээр 1976 оноос тус сумын Мандал нэгдлийн саальчнаар ажиллаж эхэлснээс хойш 48 жил тасралтгүй мал ахуйн салбарт ажиллаж байна. 

”УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор Хөвсгөл аймгийн Тариалан сумын Л. Батцэнгэл захиралтай “Хонгор хувт” ХХК шалгарлаа.

Хонгор хувт ХХК нь нэг жилд 450-500 га талбайд улаан буудай, тэжээлийн ургамал тариалж, га-гаас 15-33 центнр ургац хураан авч, Америк, Канадын газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологийг ашиглаж хөрс хамгаалах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, үр тариагаа хамгаалах зорилгоор 833 га талбайг 218 сая төгрөгөөр 100% хашаажуулж, тэжээлийн вандуй, овьёос 20 га талбайд тариалж, ногоон тэжээл хураан малчдын хэрэгцээнд нийлүүлдэг АЖИЛЧ, ХИЧЭЭНГҮЙ, БҮТЭЭЛЧ хамт олон юм. 

АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН-ээр Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Ганболд овогтой Энх-Амгалан тодорлоо. Тэрбээр мал аж ахуйн салбарт 15 жил ажиллаж байгаа залуу малчдын нэг. 

Сүүлийн гурван жилд адуун сүргийг тогтвортой өсгөж 550-701 толгой адуу тоолуулж, жил бүр 120-170 унага бойжуулсан байна. 

Таны сурталчилгаа