Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв дэргэдээ Арьс ширний төв лаборатори болон Вирусгүй төмсний бичил булцуу өсгөвөрлөх үржүүлгийн лабораторитой боллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2025.02.21/-ийн нээж хэлсэн үгэндээ, “Яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын "Атар IV аян", “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлыг хангаж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын өсөлтийг дэмжих эдгээр хөдөлгөөнүүдийг эрчимжүүлээд зогсохгүй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг  шинжлэх ухаанчаар хөгжүүлэх шинэ хуудас нээгдэж байна. Өнгөрсөн 55 жилийн хугацаанд  манай салбарын нэгэн чухал алба болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд шинэчлэл хийгдээгүй ирсэн. Өнөөдөр тус төв дэргэдээ Арьс ширний төв лаборатори болон Вирусгүй төмсний бичил булцуу өсгөвөрлөх үржүүлгийн лабораторитой болсноор салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэх, шинэ технологи, шилдэг инновациудыг эх орондоо нутагшуулах нөөц бололцоо бүрдэж байна” хэмээн баяр хүргэлээ.

Анх 1970 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл томоохон засвар үйлчилгээ, технологийн шинэчлэл хийлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан Арьс ширний төв лабораторид Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн 1.1 сая ам.долларын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийжээ. Энэхүү шинэчлэлийг хийхээс өмнө нь арьс ширэн түүхий эд, хагас болон гүн боловсруулсан савхи, бэлэн бүтээгдэхүүнд 22 нэр төрлийн хими, физик механикийн шинжилгээ хийж ирсэн. Шинэ тоног төхөөрөмж суурилуулснаар олон улсын стандартын дагуу 60 гаруй үзүүлэлтийн шинжилгээг шинээр хийх боломжтой болжээ. Эдгээр шинжилгээг “Химийн шинжилгээний”, “Арьс ширний физик, механик шинжилгээний”, “Гутлын чанарын шинжилгээ”, “GMPстандартын шаардлага хангасан багажит анализын шинжилгээ”, “Бохир усны шинжилгээ”-ний гэсэн үндсэн таван лабораторит хийх юм. Лабораторид суурилуулагдсан агаар, хөрсний бохирдол үүсгэхгүй, байгаль орчинд ээлтэй орчин үеийн агааржуулалтын болон ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжүүд нь лабораторид тавигдах ISO 17025 стандарт шаардлагад нийцсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус лабораторид арьс ширний салбарт нэн чухал эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтуудыг хийх, экспортын болон дотоодын зах зээлийг стандарт шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнээр хангах, салбарын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэгүүдийг үзүүлэх юм. Энэ хүрээнд импортоор орж ирж буй арьс ширэн бүтээгдэхүүн, тухайлбал хүүхдийн гутал бидний бяцхан үрсийн эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хүртэл шинжилгээ хийх чадвартай болжээ. Дэлхийн банкны Санхүү, өрсөлдөх чадвар, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн Тиласони Бенжамин Мусуку энэхүү үйл явдлыг “Монгол Улс шинжлэх ухаанд үндэслэсэн үйлдвэрлэлээр дамжуулан, эдийн засгаа хөгжүүлэхэд чухал дэмжлэг боллоо” хэмээн тодорхойлов.

Мөн өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв Вирусгүй төмсний бичил булцуу өсгөвөрлөх үржүүлгийн лабораторио нээлээ. “АТАР-4” аян, "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Вирусгүй төмсний бичил булцууны үр өсгөвөрлөх үржүүлгийн төвийг улсын төсвийн 500 сая төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ. Тус лаборатори ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, төмсний үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ талаар “Монгол Улс төмс үйлдвэрлэлээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа. Гэвч сүүлийн үед төмсөнд эмгэг төрүүлэгч мөөгөнцөр, бактери, вирусын хор хөнөөл нэмэгдэж төмсний ургацыг бууруулах нэг хүчин зүйл болж байгаа талаар судлаачид дүгнэн хэлж байна. Төмсний вирусний өвчний хор хөнөөлийг бууруулах арга нь вирусгүй үрийн төмс буюу бичил булцуу гарган үрийн аж ахуйд нийлүүлэх явдал юм.  Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд жилд 350-400 мянган ширхэг бичил булцуу шаардлагатайгаас 50 хувийг Ургамал газар тариалангийн хүрээлэн, 20 орчим хувийг Ургамал хамгааллын хүрээлэн үйлдвэрлэж байна. Үлдсэн 30 орчим хувийг нь үржүүлж улсын хэрэгцээг хангах ажлы эхлэл нь энэ юм.  Вирусгүй төмсний бичил булцууны үрийг тус төвд үржүүлснээр зах зээлд дутагдаж буй төмсний булцууны үрийг бүрэн хангаж, цаашид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох төмсийг гадаадад экспортлох боломж нээгдэнэ” гэлээ.  

Шинэ лабораториудын нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Дэлхийн банкны Санхүү, өрсөлдөх чадвар, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн Тиласони Бенжамин Мусуку, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын олон улсын зөвлөх Иан Лийч, эрдэмтэн судлаачид, салбарын ахмадууд, төрийн бус байгууллагын төлөөлөл, үйлдэрлэгчид болон бусад албаны хүмүүс оролцов.

Таны сурталчилгаа