Цаг үеийн мэдээ

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр (2025.02.21) Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороонд эдүгээ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 120 ахмад ажилтан харьяалагддаг.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны намрын чуулган завсарласнаас эхлэн баруун аймгуудын 40 орчим сумдаар явж, сар гаруйн хугацаанд ажиллаад ирж буйг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэмдэглээд, түүний мэндчилгээг дамжуулж, 2025 онд хийж хэрэгжүүлэх олон ажилд та бүгдийн оролцоо, дэмжлэг нэн чухал байх болно гэж хэлүүлснийг уламжиллаа.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан, байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрыг анхлан байгуулахад тулгийн чулууг нь тавилцаж, сэтгэл зүтгэлээ зориулсан нэр хүндтэй ахмадууддаа Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа чин сэтгэлийн талархал дэвшүүлээд, намрын чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг танилцуулсан юм. УИХ улс орныхоо хөгжил дэвшилд нөлөөлөх 14 мега төслийг хөдөлгөхөд онцгой анхаарч, сүүлийн 30 гаруй жил ярьсан ч шийдэж, баталж чадахгүй байсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл, нийслэлийн Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл хийх ажил зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөх алхмуудыг хийж эхлээд байгааг онцлон дурдав. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнд туссан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадын сан байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудын тухай, Ахмадын үндэсний чуулган, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд хийсэн ажлуудын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцуулж, удахгүй болох сар шинийн баяр, гарч буй модон могой жилийн мэндийг дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд хуран цугласан Улсын Их Хурал, Тамгын газрын ахмад настнуудыг төлөөлж, Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн асан Ё.Адилбиш нар үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм. Р.Гончигдорж гуай Тамгын газрынхан маань биднийг ойр ойр цуглуулж, парламентын үйл ажиллагааны талаар асууж, ярилцаж, зөвлөлдөж байдагт баяртай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн асан Ё.Адилбиш 126 гишүүнтэй парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталсныг сайшааж, эрчим хүчний реформыг иргэдэд дарамт багатай, менежментээ нэн тэргүүнд шинэчлэн сайжруулах замаар хэрэгжүүлэх, татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг оновчтой хийхэд онцгой анхааралтай ажиллахыг зөвлөв.

Ахмад настнаа хүндэтгэн хүлээн авахад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Дэд дарга Ү.Амарбат, Э.Лхагва болон газар, хэлтсийн дарга нар байлцлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, залуучууд биднийг төрт ёс, төрийн албанд ямар ёс зүйтэй, яаж ажиллах ёстойг заасан дарга нар маань цугласан байгаад эмээх, хүндэтгэх сэтгэл төрж байна гээд, ахмад настнуудынхаа санал зөвлөмжийг Улсын Их Хурлын даргын зөвлөлд танилцуулна гэлээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны буюу манай Тамгын газар байгуулагдсаны 35 жилийн ой, мөн ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд Улсын Их Хурлын дарга, удирдлага үүнд анхаарал хандуулж байгаа гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулж, сар шинийн мэнд дэвшүүлэв.

Улсын Их Хурлын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад настнуудтай улс орны нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн асуудлаар санал солилцож, дурсгалын зураг татууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа