Цаг үеийн мэдээ

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг 3 дахь өдрөө үргэлжилж байна. Тус хэлэлцүүлгийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, гишүүдээс тодрууллаа.       

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Зар сурталчилгааны стандартыг бодлогоор зохицуулах шаардлагатай

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун: Манай улсад хэрэгжиж байгаа стандартуудын зарим нь техник, технологийн хөгжлөө дагаад хуучирсан, шинэчлэх шаардлагатай байгааг харлаа. Салбар дундын уялдаа холбоо муу, стандартын талаарх мэдээлэл дутмаг байна. Иргэд, аж ахуй нэгж ямар стандарт мөрддөгийг мэдэхгүйгээс болоод үйл ажиллагаа явуулахад хүндрэл чирэгдэлтэй байдаг талаар хэлж байна. Ялангуяа хүний эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой хоол хүнсний стандартад хайхрамжгүй хандаж байна. Хүнсний цагаан толгой олон улсад заавал яригддаг сэдэв. Сургууль болон цэцэрлэгийн хүүхэд юуг идвэл хортой, буцалгаж, хөлдөөвөл шинж чанар нь хэрхэн өөрчлөгдөх талаар хариулах хүн алга. Бага насны хүүхдүүд сошиалаар сурталчилсан чихрийг аваад идэж байна. Өөх тос яаж хэрэглэх учраа мэдэхгүй. Олон нийтийн сүлжээгээр хүмүүст буруу мэдээлэл өгч, бүтээгдэхүүнээ сурталчилж эрүүл мэндийг нь хохироож байна. Олон улсад энэ бүх асуудлыг зохицуулдаг. Хүнсний бодлого, түүний стандартыг боловсролын салбар, хүнсний салбарынхан бие бие рүүгээ түлхчхээд байж байна. Шим тэжээлийн мэргэжилтнийг сургуульд ажиллуулна гэхээс илүү зүйл ярихгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хими, физикийн хичээлээр давсны найрлагыг ярихаас гадна хүний биед хэрхэн шингэдэг талаар ярих цаг болсон. Одооноос хүүхдүүдэд хүнсний цагаан толгойн талаар зааснаар ирэх 10, 20 жилд ахиц гарна. Мөн зар сурталчилгааны стандартын асуудлыг бид дурдсангүй. Хүүхдүүд хамгийн их үйлчлүүлдэг кино театр, олон нийтийн цахим сувгуудаар хүний эрүүл мэндэд хортой зүйлүүдийг сурталчилж байгаад ямар ч стандарт алга. Үүнийг бид ярих хэрэгтэй. Бодлогоор зохицуулж, стандарт гаргах ёстой. Хүүхдүүд ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн авахдаа орц найрлагыг нь харж мэдэхгүй байна. Энэ төрлийн хичээлийг хаана ч заахгүй байна. Би энэ асуудалд түлхүү анхаарлаа хандуулж ажиллана. Ирэх долоо хоногт Боловсролын яамны холбогдох хүмүүстэй уулзалт хийж, сургалтын хөтөлбөрт тусгах асуудлыг ярилцана.

Таны сурталчилгаа