Цаг үеийн мэдээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 

Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Э.Амартүвшин, Цэргийн хүндэт медалийг ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа М.Түвшинжаргал, “Энхийн төлөө” медалийг Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны зохицуулагч, ахлах ахлагч М.Сумъяа, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын операторчин, ахлагч Н.Энхжин, 142 дүгээр ангийн хөгжимчин, дэд ахлагч Б.Цогбадрах нарын 17 хүнд хүртээсэн юм. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Афганистанд энхийн төлөө I, II, III” дурсгалын тэмдгээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн танкийн батальоны ажиллагааны офицер, ахмад Д.Өсөхбаяр, 013 дугаар ангийн ротын захирагч, ахмад Ж.Билгүүн, холбооны ротын ахлагч, ахлах ахлагч Ш.Жамсран, 014 дүгээр ангийн тасгийн захирагч, ахлагч Б.Баасандорж, 330 дугаар ангийн гранатомётчин, ахлагч Г.Анххуяг нарыг шагналаа.Төрийн одон, медаль болон салбарын шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Түүхийн бүхий л үед монгол цэрэг нь төр, улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдал, эрх чөлөөт ард түмнийхээ энх амгалан оршихуйн баталгаа, мандан бадрахын бэлгэ тэмдэг байсаар ирсэн. Өнөө үеийн монгол цэргүүд өвөг дээдсээсээ өвлөсөн дайчин уламжлалаа нэр төртэй үргэлжлүүлж, хүн төрөлхтний өмнө төр, улсынхаа хүлээсэн үүргийг амжилттай биелүүлж, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, монгол эх орон, монгол цэргийнхээ нэр хүндийг өндөрт өргөж буйг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Та бүхэн цагийн байдлын болон цаг агаарын хүнд нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад улс орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлэн, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье” гэв.

 

Таны сурталчилгаа