Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь олон улсын харилцаа, судалгаа хөгжлийн чиглэлээр мэргэшсэн. Одоо МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн докторант, ҮБХИС-д Цэргийн холбооны инженерээр суралцсан бэлтгэл офицер. АНУ, Тайланд, Япон, Сингапур, Малайз, Солонгос зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн.
2006 онд Олон Улсын Судалгаа Хөгжлийн Төвийг үүсгэн байгуулсан бөгөөд зах зээлийн судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт, системийн шинжилгээ, академик сургалтын чиглэлээр мэргэшсэн байгууллага болж, олон улсын төсөл, хөтөлбөрүүд дээр амжилттай ажиллаж ирсэн.
2009 - 2016 онуудад Голомт Банкинд ажиллаж, хэлтсийн захирлаар томилогдон шинэ төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь 2000 оноос эхлэн Ардчилсан намын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж эхэлсэн бөгөөд 2008 онд тус намын гишүүн болсон.
2016 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах хурлын хорооны даргаар сонгогдон ажиллажээ. Баянгол дүүргийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр ажилласан.
Мөн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын “Бодлогын шинжилгээ, Мониторингийн хэлтэс”-ийн даргаар томилогдож, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тус намаас нэр дэвшигчийн “Мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулах багт ажилласан төдийгүй сонгуулийн кампанит ажлын үеэр Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ болон Булган аймгуудыг хариуцсан зохицуулагчаар ажиллажээ.
2017 онд Ардчилсан намын дэргэдэх 90 мянган гишүүнтэй Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа улс орон даяар 21 аймаг, 9 дүүрэгт сунгаа хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, өөрийн улс төрийн үзэл санаагаа илэрхийлж, залуучуудын хөгжлийн асуудал, улс орны хөгжилд намын дэргэдэх залуучуудын байгууллагын оролцоо, менежментийг сайжруулах чиглэлд идэвхтэй санаачилга гарган амжилттай оролцож байлаа. 2020 онд Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн.
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Нийслэлийн намын хорооны гишүүн, Дүүргийн намын хорооны гишүүн юм.