АН-ын "4-11" цагаараа ээлжит мэдээллээ хүргэлээ.
Уг хуралд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга, УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт болох нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн Дарга, УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар нар оролцож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох болон Монголын улс төрд сүүлийн үед өрнөж байгаа зарим асуудлаар тайлбар хийлээ.
Хурлын эхэнд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр: " "Ардчилсан Нам Үндэсний Аудитын Газар луу дүгнэлт гаргуулахаар материал хүргүүлээд хоёр тайлан хүлээж авсан. Нэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт, нөгөөх нь санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт. Бид бусад баримт бичгийг нэмж, бүрдүүлээд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэхэд шаардлага хангасан байна гэж хүлээж авсан. Удахгүй шийдвэрээ гаргах байх.
Үндэсний Аудитын Газар энэ үедээ нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийн нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын Ерөнхий аудитор тайлбар хийх ёстой. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдлээ тайлбарлах ёстой.
Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ-ын даргад энэ асуудлыг тавина. Өчигдөр хэсэг хүмүүс мэдэгдэл хийснийг мэдэгдэж байна. Тэдний материал хуулийн шаардлага хангаагүй учраас СЕХ буцаасан байх гэж бодож байгаа.
Мөн төрийн тахилгат Сутай хайрханы тахилгатай холбоотой асуудлаар АН байр сууриа илэрхийлж байна. Яахав, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тахилгад оролцож болно. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Гэхдээ төрийн ёслолыг цомхон бага зардлаар хийж болно. Автобусанд суусан ч дагаад л далдагнаж байдаг, овоо уул тахихад ч том том жийп хөлөглөөд давхидаг "хурган дарга нар" одоо болиоч ээ. Тэр хүмүүстэй хариуцлага тооцоочээ, тэдэнд хийх ажил зөндөө байгаа шүү дээ. Ерөнхийлөгч өөрөө хариуцлага тооцох хэрэгтэй. Автобусанд суухаар нь бол загнаад байдаг юм байна лээ. Том жийп хөлөглөөд давхихаар нь дуугүй өнгөрдөг байж таарахгүй.
Сутай хайрханы тахилга гэдэг чинь ямар МАН-ын бага хурал хуралдаж байгаа юм уу? Ийм утгагүй зүйл хийхээ болих хэрэгтэй" гэв.