Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо ээлжит хурлаа хийлээ. Хорооны хурлаар Нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотой Нийслэлийн ИТХ-аар батлуулах журам, дүрмийг боловсруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн юм.
2017 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гарган, “Нийслэлийн эрх зүйн мэдээллийн санг эрхлэн хөтлөх журам” баталсан байдаг. Гэвч тус журмын хэрэгжилт хангалтгүй, үйл ажиллагаа зогсонги байгаа юм. Тиймээс Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо асуудлыг хэлэлцэн, мэдээллийн санг ашиглалтад оруулах үүргийг журмын сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг хүлээсэн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан тушаалтнуудад өглөө. Мөн санд бүртгэж, хөтөлсөн баримт бичгийн тайлан, мэдээг улирал тутам Нийслэлийн ИТХ, ЗДТГ, холбогдох нэгжүүдэд танилцуулахын зэрэгцээ хагас жил тутам олон нийтэд нээлттэй хүргэх чиглэл өгсөн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны дарга Б.Мягмар “Нийслэлийн удирдлагын гаргаж буй тогтоол, шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай хүргэх ёстой. Иргэд тогтоол, шийдвэрийн талаарх мэдээллийг авахын тулд эрж сурдаг байж болохгүй. Тиймээс сангийн үйл ажиллагааг шуурхай эхлүүлж, иргэдэд мэдээллийг өгөх, сурталчлан таниулах ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй” гэв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар шинээр болон шинэчлэн батлуулах тогтоол, журмын төслийг боловсруулж, 2022 оны I улиралд багтаан Хуралд танилцуулахыг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооноос тэмдэглэлээр үүрэг болгосон юм. Мөн хамтарсан Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулах талаар Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ