УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм. Тэгвэл тус Түр хороо өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар хотын дүрэм боловсруулахад нийслэлийн иргэдээс санал авна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар онцоллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: "Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор нийслэлийн авто замд тэг зогсолт болох эрсдэл бий. Тэгэхээр сурагчдыг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөх, нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллаарай. Бас нэг чухал асуудал нь газар олголт. Газар олгоогүй байхад хүмүүс очоод суурьшчихдаг. Гэтэл цахилгааны асуудлаа шийдээгүйгээс гадна үерийн аман дээр буух тохиолдол олон. Тэгэхээр нийслэлийн дүрэмд энэ талын стандарт тогтоож, цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдсэний дараа газар олгодог болмоор байна. Д.Сумъяабазар дарга энэ асуудалд түлхүү анхаарч ажиллаарай. Нийслэлээс сонгогдсон гишүүд бид ч хамтран ажиллах болно" гэлээ.