Монголын урлагийн зөвлөл, Австралийн “Bus Stop Films”-ийн “Шат” богино хэмжээний уран сайхны кино нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан бүтээл юм. Тусгай хэрэгцээт иргэдэд итгэл бэлэглэж, сайн сайханд дуудсаны зэрэгцээ тэдний нийгмийн амьдралд оролцох тэгш боломжийн тухай эргэцүүлэхүйц уг бүтээлийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, гишүүд, “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Чулуундолгор нар үзэж, сонирхлоо. Кино найруулагч П.Золжаргал уг бүтээлээрээ Америкийн Синэкүэст кино наадмаас Шилдэг гэр бүлийн богино кино шагнал, Японы Short Shorts Film Festival & Asia-аас "МАКЕ IMPOSSIBLE POSSIBLE" хэмээх уриаг хүчтэй илэрхийлсэн кинонд олгогддог БИОЖЭН нэрэмжит шагналыг тус тус хүртсэн юм. Улмаар Австралийн CinefestOZ кино наадмын шилдэг кино зохиолын шагналд нэр дэвшээд байна.
Уг бүтээлийг үзсэний дараа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Шийдвэр гаргаж байгаа хүмүүс, бизнес эрхлэгчид барилга барьж байгаа...гээд хэн бүхэн энэхүү бүтээлийг үзээсэй гэж уриалмаар байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй нэг хүний тухай кино биш, харин тэдний нийгмийн амьдралд оролцох тэгш боломжийн тухай бүтээл. Багахан зүйлийг өөрчлөхөд ард нь маш том асуудал шийдэгдэж байдаг. Тиймээс Нийслэлийн ИТХ, НЗДТГ-аас гарч буй шийдвэр бүхэнд иргэдийн оролцоог хангасан, эрхийг нь дээдэлсэн байх зарчмыг барьж ажиллах ёстой. Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээвэр, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй зорчих асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Мөн иргэдийн анхан шатны үйлчилгээ хүртэж буй хороо, өрхийн эмнэлгийн байрны орчны стандарт, хүртээмжийн байдалд судалгаа, үнэлгээ хийх ажлыг “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран зохион байгуулж байна” гэлээ.
Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан кино найруулагч П.Золжаргалд амжилт хүсэн, Австралийн CinefestOZ кино наадмын шилдэг кино зохиолын шагналыг хүртэхийг ерөөв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ