Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлэгт ажиллана.

Энэ үеэр Засгийн газрын тэргүүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж, шинээр ашиглалтад орж буй Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгын үйл ажиллагаатай танилцах юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай байжээ.

Иймд, Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг олон улсын стандартад нийцүүлэн гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад оруулж байгаа аж.

Вакцин биобэлдмэлийн шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар КОВИД-19-ийн болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болох юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таны сурталчилгаа