Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн шинээр томилогдсон Элчин сайд нарын бэлтгэл ажлыг хангах ерөнхий төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

Уг төлөвлөгөөний дагуу Элчин сайд нар орон нутагт ажиллаж, Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж буй, уул уурхайн томоохон үйлдвэрлэл явуулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК-ний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.

Монгол Улсын эдийн засгийн гол ачааллыг үүрч буй Улсын баатар “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд анхны баяжмалаа гаргаж, үйл ажиллагаагаа эхэлж байсан бол дэлхийн хэмжээний томоохон ордын нэг Оюу Толгойн ил уурхай 2013 оноос бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхлээд байна. “Оюу толгой” ордын гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусч, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт эхэлснээр дэлхийд 10-т орох хэмжээний томоохон уурхай болно гэдгийг Оюу толгойн ТУЗ-ын дарга Г.Батсүх уулзазлтын үеэр онцоллоо.

Мөн үйлдвэрлэлийн цаашдын хэтийн бодлого, төлөвлөгөө, олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр, гэрээ хэлцэл зэрэг асуудлаар үйлдвэрийн удирдлага Элчин сайд нартай санал солилцож, өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа.

Шинээр томилогдох элчин сайд нарын дунд уул уурхайн томоохон төсөлд хөрөнгө оруулагч улс оронд суух Элчин сайд нар байгаа учраас төсөл хөтөлбөрүүдтэй газар дээр нь танилцах чухал ач холбогдолтой. 

Түүнчлэн Элчин сайд нар экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, хөрөнгө оруулалтын орчин, гадаад хөрөнгө оруулалт эрэлхийлж буй төсөл, худалдаа, ноос ноолуур, махны экспорт болон экспортыг дэмжих бодлогын асуудлаар Үндэсний хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ийн төлөөлөлтэй уулзсан юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Таны сурталчилгаа