Цаг үеийн мэдээ

 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согтой энэ сарын 7-нд Австри Улсын Вена хотноо уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өнгөрсөн онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэснийг УИХ-ын дарга тэмдэглэв.

Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэй гэдгийг талууд тэмдэглэв.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга” болон Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгуудыг харилцан дэмжиж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов.

Хоёр улсын парламент, парламент дахь найрамдлын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах эрмэлзлээ УИХ-ын дарга илэрхийлж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согийг Монгол Улсад айлчлахыг урив. Монгол Улсад айлчлах урилгыг солонгосын тал талархан хүлээн авч, УИХ-ын даргыг ойрын хугацаанд БНСУ-д айлчлахыг мөн урив.

Таны сурталчилгаа