Цаг үеийн мэдээ

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Түр хорооны хуралдаанаар Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидал, Хуулийн зөвлөх, Санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидлын танилцуулгыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хийлээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар асуулт асууж хариулт авав.

Үүний дараа Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгыг сонслоо.  Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар асуулт асууж хариулт авсан юм. 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б. Солонго нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв.

Түр хорооны өнөөдрийн хурлаар хэлэлцэж, санал солилцсон асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа