Цаг үеийн мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай  холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: “Шүүхийн хуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан байсан хүсэлтийг татаж авсан тухай мэдээлэл гарсан.

Монголд улс төрийн  бүх болж бүтэхгүй хогоо чихдэг  хогийн сав нь өмнөх Ерөнхийлөгч нар болчихлоо. Тэр хүмүүс болохгүй бүтэхгүй зүйлийн үүр овоохой болчхоод байна. Аливаа зүйл үнэнээрээ байвал сайхан. Би үүнд бодит мэдээлэл өгье. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шүүхийн багц таван хуулийг 2012 онд УИХ-д оруулж  батлуулж байсан. 2012 онд МАН 45 суудалтай байсан. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүд алга ташиж Шүүхийн багц таван хуулийг баталж байсан. 

УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг үүрч сур л даа. Цаасан дээр байхдаа ямар ч хууль сайхан харагддаг. Гэвч тэрхүү хуулийг  бодит амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар  биш. Хуульд ганц  зүйл  бүтэхгүй болохоор бүхнийг өмнөх Ерөнхийлөгч рүү чихдэг байж таарахгүй. МАН-ын эрх баригчдын баталсан Шүүхийн шинэ хууль хэрэгжээд эхэллээ. Хэдэн жилийн дараа энэ хуультай холбоотой асуудал үүсч таарна. Төгс төгөлдөр хууль гэж байхгүй. 

УИХ-ын гишүүд хууль батлах гэж сонгогдсон учраас хариуцлагаас зугтаахаа  больж ачааг хамт үүрэлцэж сурах хэрэгтэй.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн батлуулж байсан Шүүхийн багц хуульд ололт амжилт олон байсан. 

Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг болсон. Үнэхээр зарим нэг ололттой шинэтгэлийг тухайн үеийн Үндсэн хуулийн цэц  /ҮХЦ/ тайрсан. Одоо ч гэсэн ийм зүйл ажиглагдаж байна. ҮХЦ нь Үндсэн хуульд захирагддаг болохоос улстөрч нарын гар хөл болох ёсгүй. Үндсэндээ ҮХЦ нь УИХ-ын нэг байнгын хороо шиг л ажилладаг болсон. ҮХЦ нь хаягдсан улстөрчдийн цуглуулга болсон. Үүнээс болж хуулийн шинэчлэл унадаг" гэлээ. 

Таны сурталчилгаа