Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр, Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцад иргэд, эрдэмтдийн оролцоотой байх, улс төрийн оролцогчдын дунд зөвшилцөлд хүрэх нь чухал болохыг онцолж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй болохыг дурдав.
Улсын Их Хурлын дарга болон гишүүд Стэнфордын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сан Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захирал хатагтай Сюзанна Грисон Роббинсонтой уулзалт хийсэн юм.
Сан Франциско хотын Кино комисс нь хотдоо ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөж хүртэх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлдэг юм байна. Тус комис нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний, телевизийн болон интернэтийн олон ангит кино, шоу, баримтат кино, реклам болон фото зураг авах зөвшөөрлийг олгодог аж.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Зандашатар Сан Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг Монгол Улсад зураг авалт хийх, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүссэн юм. Хатагтай Сюзанна Грисон Роббинсон Сан Франциско хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай байх болно гэдгийг дуулгав.
Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид Apple компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын өлгий нутаг гэгддэг цахиурын хөндийд Apple парк байрладаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.