Ардчилсан намаас өнөөдөр "Эв нэгдлийн их хурал" аа зарлаж байгаа тухай хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Энэ үеэр Э.Бат-Үүл: "Монголын Ардчилсан нам бол Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой ийм нам юм. Монголын Ардчилсан нам Монгол улсыг Зөвлөлтийн колончлолоос салгаж Монголын ард иргэдийг эрх, эрх чөлөөтэй болгосон ийм түүхэн гавьяатай нам. Монголын Ардчилсан нам үүгээрээ Монгол улсын баатар ч багадах тийм их гавьяатай ийм нам юм. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Монголын Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлж хүндэтгэж үзэх зорилгоор баатарын цолыг надад зүүлгэсэн. Ерөнхийлөгч тэр үед хэлсэн юм. "Энэ бол чамд өгч байгаа юм биш шүү. Энэ бол Ардчилсан хувьсгалыг хийсэн, дэмжсэн Монголын ард түмэнд өгч байгаа юм. Монголын Ардчилсан намын мянга мянган гишүүдэд өгч байгаа юм. Монголын Ардчилсан холбооны мянга мянган гишүүдэд өгч байгаа юм. Монголын ардчилсан намын гавьяа зүтгэлийг үнэлж өгч байгаа юм аа. Гэхдээ өнөөдөр байгаа хууль эрхзүйн орчны хүрээнд би чамд төлөөлүүлэн олгож байна" гэж хэлсэн юм. Би 2009 оноос хойш энэ баатарын тэмдэгийг энгэртээ хүндэтгэн зүүж ирсэн. Би Ардчилсан намынхаа гишүүдтэй уулзах бүртээ энэ тэмдэгээ харуулаад "Энэ бол та нарын юм шүү" гэж хэлсээр ирсэн. Өнөөдөр Ардчилсан намын түүхэнд гайхамшигтай үйл явдал болж байна. Супер үйл явдал болж байна. Би үнэндээ цочирдож бахардаад 2 залуу удирдагчаараа бахархаад хэлэх үгээ ч олж чадахгүй байна.
Би энэ сайхан цаг мөчийг ашиглаад энгэр дээрх баатарын тэмдэгээ би эзэнд нь өгье. Би Ардчилсан намдаа өгье. Би Ардчилсан намынхаа туг дээр нь зүүж өгье гэж шийдсэн юм" гэлээ.