Ардчилсан Намаас Засгийн газарт тодорхой асуудлуудаар удаа дараа шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлээгүй тул "Одоо боллоо" эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд хийж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж буйгаа илэрхийллээ.
Шаардлагад
Монгол Улсад сүүлийн 20 жилд болоогүй эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээд байна. Цар тахал эхэлсэн үеэс, ирж буй аюул эрсдлийг Ардчилсан Нам анхааруулж, тодорхой шийдлүүдийг санал болгож байсан.
Өнөөдрийн байдлаар Коронавируст халдварын тархалт хяналтаас бүрэн гарч, 300 000 гаруй хүн халдвар авч, 1300 орчим иргэн амь насаа алдлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хомсдож, ажилгүйдэл ядуурал дээд цэгтээ туллаа. Гэвч эрх баригч МАН алдаагаа засаж, албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцохгүй, ард түмнээ тахал, ядуурлын ангалд орхилоо.
Өдөр бүрийн эргэж буцсан буруу шийдвэр, хулгайд идэгдэж авилгажсан төсөв, иргэддээ биш хөшөө дурсгалд зориулсан хөрөнгө оруулалт, хүний эрхийг зөрчсөн дарангуйлал зэрэг нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа энэ цаг үед Ардчилсан Намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тодорхой асуудлуудаар удаа дараа шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлсэнгүй.
Иймд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна" гэжээ.