Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намаас зохион байгуулж буй жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр: "Ер нь сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол улс бол ардчилсан улс. Олонх нь засгийнхаа эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ийм л зарчимтай. Монгол улсын үндсэн хуулийн дагуу иргэд жагсаж цуглах эрхтэй, тайвнаар. Үг хэлэх эрхтэй, хэвлэн нийтлэх эрхтэй, сонгох, сонгогдох зэрэг олон улс төрийн эрхүүдийн нэг бол жагсаж цуглах эрх юм. Миний хувьд ч гэсэн жагсаал цуглаанд өөрөө оролцож явсан. Өмнөх засгийн газрын хуралдаан дээр ч бас хэлсэн. Иргэдийн жагсаж цуглах эрхэнд бид туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Жагсаал цуглаанаар тавьж байгаа асуудлыг бид шүүмжлэл гэж хүлээж авахаас илүүтэйгээр зөвлөгөө гэж хүлээж авч ажилдаа тусгах хэрэгтэй. Үүнийг засгийн газар холбогдох яам тамгын газар анхааралтай ажиглах ёстой. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Одоо 2 газар нөхөн сонгууль болж байна. Ер нь сонгуультай холбоотой улс төржилт нэмэгддэг, гэхдээ миний хувьд ганцхан зүйл дээр уриалж байна. Ковидыг битгий улс төржүүлээч ээ, вакцинжуулалтаа битгий улс төржүүлээч ээ. Дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа  шууд хор хөнөөл болох зүйлийг битгий улс төржүүлээч ээ. Ийм эмзэг зүйл дээр бодлогогүй улс төржилтөөс болж вакцин тасалдах асуудал өмнө нь үүсэж байсан шүү дээ. Энэ асуудал дээр бид нэгдмэл байр суурьтай баймаар байна. Энэ бол давагдашгүй хүчин зүйл учраас. Бусад зүйл дээр туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Жагсаал хийж байгаа иргэдийн жагсах цуглах эрхийг хүндэтгэж байгаа. Харин жагсаал зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ бариад, тайван жагсаал байх тал дээр хариуцлагатай байх хэрэгтэй" гэлээ.  

Таны сурталчилгаа