Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар өөрсдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий болсон гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүний дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслөөр төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах; барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчлөх; нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгохоор тусгажээ.

Хуулийн төсөл нь 3 зүйлтэй ажээ.

Төслийн Нэгдүгээр зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулсан байна. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой ажээ.

Хоёрдугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших нь сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газартай давхардуулан олгох боломжийг хязгаарлахаар оруулжээ.

Гуравдугаар зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр зохицуулсан байна. Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг тусгажээ.

Мөн төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар хуралдаанаараа шийдвэрлэхээр зохицуулжээ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарлах аж.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох орон сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болох юм. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Таны сурталчилгаа