Цаг үеийн мэдээ

Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” 15 дугаар чуулган болж байна.

Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх уг чуулганыг Кени Улсын Ерөнхийлөгч ноён Ухуру Кенятта, Барбадос Улсын Ерөнхий сайд хатагтай Амор Моттлей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутеррес болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Ребека Грийнспан нар тус тус нээж үг хэлэв.

Чуулганы хүрээнд буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ийн өдөр цахимаар болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалтад тус бүлгийн орнуудын гадаад хэрэг, худалдааны асуудал хариуцсан сайд нар оролцож, дэлхийн худалдаа, хөгжил болон хөгжиж буй орнуудын цар тахлын дараах сэргэлтийн асуудлаар санал солилцов.

Энэ уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ НҮБ-ын ХХБХ-ын 15 дугаар чуулган нь хямралыг даван туулах, уян хатан байдлыг бий болгох, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, ажлыг хэлэлцэх боломжийг олгож байгааг тэмдэглэж, тус хэлэлцүүлэгт ДГХБО-ын хэрэгцээг бүрэн тусгах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн, ДГХБО-ын өмнө тулгарч буй нийтлэг бэрхшээл, худалдааны зардал өндөр хэвээр байгаа нь дэлхийн зах зээл дэх далайд гарцгүй орнуудын экспортын өрсөлдөх чадварыг бууруулж, импортын барааны үнийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэж, транзит, тээвэр, худалдааг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэлэг арга барилыг эрэлхийлэхэд НҮБ-ын ХХБХ-аас дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Мөн далайд гарцгүй хөгжиж буй 26 улсын экспортын орлогын 60 гаруй хувь нь түүхийн эдээс хамаардаг бөгөөд энэхүү хараат байдлыг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэхийн тулд экспортыг төрөлжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх хүчин чармайлт шаардлагатай байгааг дурдаж, НҮБ-ын ХХБХ-аас боловсруулсан Бүтээмжийн чадавхын индекс (PCI) бодлогын шинэ арга хэрэгслийг ДГХБО-ын бүлэг сайшааж байгаа бөгөөд тус байгууллагаас бүтээмжийн чадавхад тусгайлан зориулсан хөтөлбөр, эсхүл төв байгуулж хөгжүүлэхийг уриалав.

НҮБ-ын ХХБХ-ыг 1964 онд байгуулсан бөгөөд дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, санхүүгийн салбарт хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудын ашиг сонирхлыг дэмжих зорилготой засгийн газар хоорондын байгууллага юм.

Таны сурталчилгаа