Цаг үеийн мэдээ

Суут зохиолч Фёдор Михайлович Достоевкийгийн мэндэлсний 200 жилийн ойг  ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар 2021 онд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгвэл суут зохиолчийн ойг Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв, шинэхэн байгуулагдсан Орфей театрын хамт олон “Гэм зэм” зохиолыг пост драмын жүжиг болгон үзэгчдэд хүргэхээр бүтэн жилийн турш ажиллажээ. “Гэм зэм” романыг сэтгэл зүйн постдрамын жүжиг болгон тавьж буй найруулагч М.Батболд нь найруулагчаас гадна сэтгэцийн эмч мэргэжилтэй юм байна. Сэтгэл зүйн нарийн төвөгтэй асуудлуудыг илүү  ихээр гардаг "Гэм зэм" зохиолыг театрын жүжиг болгон тавихад найруулагчийн эмчийн мэргэжил нь хэрхэн нөлөөлсөн болохыг харах л үлдлээ.

“Русский Дом-Улан-Баторе”-ийн орлогч захирал Кильпякова Валерия Валерьевна: "Улаанбаатар хот дахь Оросын соёл шинжлэх ухааны төв,  Русский дом  төв нь Орфей театрт бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Бид зохиолчидтой уулзалт, ярилцлага зохион байгуулах, жүжгийн тавилт дээр зөвлөгөө өгөх, жүжгийн бэлтгэх хангах байр, тайз зэргийг бэлдэж өгсөн. Мөн бид зөвхөн залуу найруулагчдыг дэмжих төдийгүй бусад залуу уран бүтээлчид, бүжигчид, зураач нарыг дэмжиж ажилладаг. Үүнийг та бүхэн манай төвд эд өрнөж  бусад ажлуудаас харж байгаа байх. "Гэм зэм" жүжиг 11 сарын 25 аас эхлэн нийт 16 удаа манай төвийн тайзнаа тоглогдох болно”

Гэм зэм жүжгийн гол дүр Раскольниковын дүрд тоглож буй жүжигчин Д.Лхагва : "Раскольников бол маш ухаалаг, оюунлаг залуугийн дүр. Тэр хорвоо ертөнц дээр болж бүтэхгүй байгаа бүхнийг эсэргүүцдэг, түүнийхээ төлөө өөрөө маш их тэмцдэг, үзэл бодолдоо үнэнч хүн. Бас хүн төрөлхтнийг 2 хэсэгт хувааж үздэг нь их сонирхолтой. Би ийм нэгэн өөрийнхөө үзэл бодолд маш үнэнчээр тэмцэж байгаа оюутан залуугийн дүрд тоглохоор бэлтгэлээ хийгээд явж байна”

Гэм зэм жүжгийн Ерөнхий найруулагч Батболд: "Яагаад “Гэм зэм” зохиолыг сонгож жүжиг болгох болов гэдэг асуудал байгаа. Би өөрөө сэтгэцийн эмч мэргэжилтэй байж байгаад дараа нь Москва хотын театр урлагийн “ГИТИС” гээд сургуульд найруулагчаар төгсөөд ирсэн. Достоевксийн “Гэм зэм” гэдэг зохиол бол сэтгэлзүйн кремналистик өнцгөөс тайлсан роман. Энэ талаасаа романыг тайлж, задалж, театр руу хувиргаж тавихад илүү ойр санагдсан. Тийм учраас “Гэм зэм” романыг ойлгож, гүн илэрхийлэх боломж надад гарч ирсэн. Зохиол сонгосон шалтгаан бол  энэ юм”

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа