Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Яков ван Хиердэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.
Сайд Б.Батцэцэг түүнд үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Ноён Яков ван Хиердэн талархал дэвшүүлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойр хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр Гадаад хэргийн сайд эмэгтэй нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсныг дурдаж, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох чиглэлд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг сайшаан тэмдэглэв.
Суурин зохицуулагч Хиердэн НҮБ-ын системд 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Микронез дахь НҮБ-ын Номхон далайн хойд бүсийг хариуцсан Суурин зохицуулагчаар ажиллаж байжээ.