Эрдэнэ Зуу хийдийн Лаврин дуганы их засвар гүйцэж 2022 оны 01-р сарын 11 буюу билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 9-ний билэгт сайн өдрөөс эхлэн Лаврин дугандаа хурал номоо хурахаар боллоо.
Лаврин сүмийг 1784 онд Эрдэнэ Зуу хийдийн анхдугаар хувилгаан 7-р номч цорж Дагвадаржаа (1734-1803) урьд нь өөрийн бүтээсэн Манал, Махгал, Гомбогүрийн сүмүүдийг нэгтгэж гурван давхар сүм болгон байгуулсан.
Уг сүмийн дээд давхарт 75 Махгал, дунд давхарт Гомбогүрийн, Маналын, Таван хааны сүм доод давхарт аймгийн хурлын дуган болгон зохион байгуулжээ.
1792 онд Лаврин сүмийн 2 талд сүм барьж мөн Лаврин сүмийн баруун дээд давхарт Жавзандамба хутагтын өмнөх 16-н дүрийг бүтээн залсан бол доод давхарт Богд Зонхавын дүрийг залж Ламрим чойр хуруулах болсон. Зүүн дээд давхарт алтан шармал Ямандагын хот мандал зэрэг шүтээн залж, доод давхарт 16-н Найдан шүтээнийг залж өргөтгөсөн байна.
Лаврин сүмийг анх Махгалын сүм гэж нэрлэж байсан. (Эрдэнэ Зуугын түүх Н.Хатанбаатар, Ё.Найгал)
1803 онд 4-р Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамцодэ (1775-1813)Төвд оронд жолоо залахдаа зарлигаас "Уг нь Эрдэнэ Зуугын хийд нь Халхын ууган хийд мөн бөгөөд би Төвд орноос ирээд бараалхаагүй байгаа билээ. Эдүгээ явдал мөрийн дашрамд түүний оронд бараалхан үйлдэх хэрэгтэй" хэмээн айлдаж Их хүрээнээс хөлгийн жолоо залаад, Эрдэнэ Зуу хийдэд морилов. ( Алтан дэвтэр. орч С.Гантөмөр)
Богд гэгээнтэн Гурван зууд мандал өргөөд сан тавьсан хойно Номч цорж бээр алтан дотортой шар аяганд есөн зүйлийн эрдэнэ хийж өргөөд,зоог өргөж бариад тангуд сүм дуганд залж нэгэн мянган лангийн даншүг өргөсөнд энэ сүм дуганд Лаврин Дэчинжанжаа нэр өршөөгөөд Лавринд заларвай хэмээн сурвалжид тэмдэглэжээ.( Эрдэнэ Зуугын түүх Н.Хатанбаатар Ё.Найгал)
Энэ цагаас Лаврин хэмээн нэрлэх болсон.
1786 онд 7-р номч цорж Дагвадаржаа 50-н хуврагтай Бодь мөрийн зэргийн дацан сургууль байгуулж Лаврин дуганы доод давхарт сургалтаа явуулж байжээ.
Хэлмэгдэлд өртсөнөөс хойш 1970-1972 онд улсаас хөрөнгө гарган сэргээн босгож музейн зориулалтаар ашиглаж ирсэн.
1990 оны өөрчлөлтөөр шүтэх бишрэх эрх нээлттэй болж 1990 оны 3-р сарын 18-д Эрдэнэ Зуу хийдийн үйл ажиллагаа сэргээгдэж энэхүү Лаврин дуганд хурал ном, буяны үйлийг явуулж байна.