Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ажлын хэсгийн хамт Увс аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, төсөв, хууль эрх зүйн бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөв. Мөн аймгийн Засаг даргатай уулзаж, боловсролын салбарын шинэчлэл, аймагт хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Увс аймагт 33 цэцэрлэг, ерөнхий боловсролын 30 сургууль, Улаангом политехник коллеж бий. Нийт 25541 сурагч, оюутан суралцаж, 2560 гаруй багш, ажилтан боловсролын салбарт ажиллаж байна. Аймгийн зүгээс цэцэрлэг, сургуулийн хамран сургалтыг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор:
“Чадварлаг багш”
“Хүн болох багаасаа 1, 2”
“Хүүхдийн хөгжил”
“Дижитал боловсрол” зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
БШУ-ы дэд сайд тус аймагт ажиллах үеэрээ Политехник коллеж, нэгдүгээр сургууль, Насан туршийн боловсролын төв болон аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцыг шалгалаа. Салбар яам политехникийн коллежийн хөтөлбөр, дадлага ажлыг ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай үдийн хоол, ширээ, сандал, дүрэмт хувцас зэрэгтэй уялдуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Үүнд Улаангом политехник коллежийн оролцоо чухал болохыг дэд сайд онцлов. Политехникийн коллежийн дэргэд 300 ортой дотуур байрын барилгын ажил 60 хувьтай явагдаж байна. Мөн аймагт 150 ортой хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд барилгыг ирэх хичээлийн жилээс өмнө хүлээлгэж өгөх хэрэгтэйг гүйцэтгэгч компанийнханд хэллээ.
Аймгийн Насан туршийн боловсролын төвийн тухайд нэг ээлжиндээ 1700 гаруй хүүхэдтэй. Боловсрол нөхөн олгоход 110, тусгай хэрэгцээт 20, 261 насанд хүрэгчид боловсролын үйлчилгээг энэ төвөөс авч байна. Нийт 17 төрлийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.