Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2022.06.09/ Богдхан уулын Дугуй цагаан дахь гэрүүдийг буулгах үеэр үүссэн зөрчилдөөний талаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: "Байгалийн унаган төрхийг хадгална гэдэг бол газар ашиглаж байгаа хүний хамгийн нэгдүгээрт хүлээсэн үүрэг байдаг. Энэ үүргийн биелэлтэд хяналт тавих ёстой Байгаль орчны сайд нар ажлаа хийгээгүй. Байгаль орчны сайд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүл, биелүүл. Нийслэлчүүдийн өмнөөс үүнийг шаардаж байна. Байгаль орчныг хамгаалах үүрэгтэй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм горимд  хяналт тавих үүрэгтэй энэ хүн өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль бусаар ашиглаж буй зөрчлийг таслан зогсооход нийслэлтэй хамтарч ажиллах ёстой болохоос биш хүний хувийн өмчийг би хамгаална гээд яриад сууж таарахгүй" хэмээн мэдээлсэн. 

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ түүний мэдэгдэлд хариу тайлбар хийжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: "Би хууль зөрчихгүй. Хүний эрх болон хувийн өмчид хууль бусаар халдахгүй. Хуульч хүн ийм зүйл яриад зогсож байх гэж Д.Мөнх-Эрдэнэ харамсалтай. Монгол Улсад өнөөдөр хууль дээдлэх ёс хэрэгжсэн хэвээр гэдгийг хэлье. 

Дунд голын сав газарт Усан парк барих зөвшөөрөл олгоод дараа нь орон сууц болгож өөрчилсөн хууль зөрчсөн үйлдлээ зас. Мөн үүнд оролцсон авлигачдаа хуулийн байгууллагад шалгуул. Голын хамгаалалтын онцгой бүсэд хууль зөрчин газар олгосон захирамжаа цуцал гэсэн шаардлагыг 60 хоногийн өмнө хүргүүлсэн. Яагаад 60 хоног таг байв? Яагаад 60 хоногт хуулийг уландаа гишгэгчид 3-4 давхар байшин барьж амжив? Хуульд нийцсэн, шударга хариулт хүсье. 

Мөн БОАЖЯ-наас олгосон аялал жуулчлалын зориулалт бүхий газарт өндөр байшин бүхий орон сууцны хороолол, хаус хотхон барих зөвшөөрлийг Нийслэл олгох замаар өнөөдрийн байдалд хүрсэн. БОАЖЯ нь эдгээр зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар Дархан цаазат Богд уулаа хамгаалах шат дараатай дараах арга хэмжээнүүдийг авсан. Үүнд:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлэн болгосон

2. Богд уулын хамгаалалтын бүсийг 5562га газраар тэлж нэмж газар олгох боломжийг хуулийн дагуу хаасан

3. Богд уулын зүүн талыг газар олголтыг цуцалж ногоон хэрэм байгуулах шийдвэр гаргасан

4. Туул голын урд хөвөөгөөр олгосон газруудын эрхийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн

5. Уугуул иргэдийн асуудлуудыг шийдвэрлэсэн зэрэг

Иймд хуулийн хүрээнд идэвх санаачилгатай хамтран ажиллаж бодит үр дүн гаргахыг Нийслэлийн Засаг даргын эрхэм зөвлөхөөс хүсье" хэмээжээ. 

Таны сурталчилгаа