Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа удирдан явуулж, дарааллын дагуу Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтсүүд өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдол 14 хоногийн хугацаанд 1080 ирсэн бол гудамж талбай, олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн 3818 зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Гамшиг, гал түймрийн улсын хяналтын чиглэлээр 60 гаруй объектод үзлэг шалгалт явуулж, илэрсэн зөрчилд зөвлөн тусалж, шаардлага хүргүүллээ. Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 31 эмч, эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр сургууль, цэцэрлэгүүдийн багш ажилтныг хуваарийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт ажилтны 65 хувь нь хамрагдаад байна. 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 ажлыг хийж, бүрэн дуусгасан байна. 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд 4 объектийг түрээслэн 18 салбар бүлэг нээн нийтдээ 600 ороор цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 3 дугаар хорооны 54, 19 дүгээр хорооны 283-р цэцэрлэгт 24 цагийн 4 бүлгийг шинээр нээн 100 хүүхэд элсүүлээд байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11 дүгээр хороо Хангай хотхонд 216-р цэцэрлэгийн салбар, 16 дугаар хороонд 281-р цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, эдгээрт 28 бүлэгт 680 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжийг бүрдүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн дагуу 551 гарааш чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 22 байршилд 417 гараашийг чөлөөлж, оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангалаа. Хашаа хайс чөлөөлөх ажлын хүрээнд 11907 метрээс 5253 метрийг буулгасан байна. Танилцуулга мэдээллийн дараа Засаг дарга Х.Болормаа нийслэлийн шуурхайгаас өгсөн болон цаг үеийн асуудлаар холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэл, мэдээллийг удирдах ажилтнуудад танилцуулж, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ажилтан, албан хаагчдын ёс зүй, хувцаслалтад анхаарах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд санаачлагатай ажиллахыг уриалсан юм.