Цаг үеийн мэдээ

Монгол Улсад 46 боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүний гурав нь Ховд аймагт бий. Булган боомт, Байтаг боомт, Ховд олон улсын нисэх буудал.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь сэргээхэд анхаарч байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 27-28-ны өдрүүдэд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй Булган боомт, Байтаг боомтод ажиллав. 

Олон улсын зэрэглэлтэй Булган боомт Ковидын үед тогтмол ажиллагаатай байж ирсэн. Одоогоор зөвхөн нүүрс тээвэр нэвтрүүлж байгаа. Цаашид нүүрс болон бусад ачаа эргэлтийг илүү нэмэгдүүлж зорчигчдыг нэвтрүүлнэ. Ачаалал, урсгалыг тусгаарлах зайлшгүй шаардлага бий. Тиймээс эн тэргүүнд Булган боомтыг өргөжүүлэхийг зорьж байна. 

Зураг, төсөв хийгдэж байгаа ба батлагдахаас нь өмнө дахин нягталж, олон талаас нь сайтар судалсны үндсэн дээр батлуулж ажиллахыг Засаг дарга Э.Болормаа холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа. 

Харин дараагийн удаад Байтаг боомтын үйл ажиллагааг хөгжүүлэхээр гарц шийдлийг эрэлхийлж байна. 

Хилийн боомтуудаа өргөжүүлж, үйл ажиллагааг нь сэргээснээр зорчигч, ачаа эргэлтийг нэмэгдүүлж Ховд аймаг төдийгүй бүс нутгийн эдийн засаг тэлэх боломж бүрдэх юм.

Таны сурталчилгаа