Цаг үеийн мэдээ

УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэн баталсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын дарга, ажилтан албан хаагчид болон сумдын арга зүйчдэд дээрх хуулийг сурталчлах ажлыг цахим хэлбэрээр танилцуулав. 

Хуралд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон ахлах мэргэжилтэн С.Номин, Г.Эрдэнэцогт, М.Мэнджаргал нар байлцлаа.  

Хууль танилцах үйл ажиллагаанд Нийслэлийн болон 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын ажилтан албан хаагч, сумдын арга зүйч нийт 350 хүн хамрагдлаа. 

Хурлын эхэнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд хамрагдах төр төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцааны талаар цогц мэдээлэл өгнө” гэдгийг онцоллоо. 

Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, Биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Биеийн тамир, спортын тухай шинэ хууль нь 8 бүлэг, 41 зүйл, 329 заалттай бөгөөд 2017 оны хууль дээр 3 бүлэг, 12 зүйл, 161 заалт шинээр нэмэгджээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн бүлгүүдийн агуулгаас товч танилцуулбал, Биеийн тамир, спортын салбарын удирдлага, тогтолцоо, зохион байгуулалт, Биеийн тамир, спортын үйл ажиллагаа, Допингийн эсрэг үйл ажиллагаа, Биеийн тамир, спортын төрийн байгууллагын ажилтны нийгмийн хамгаалал, Биеийн тамир, спортын санхүүжилтийн талаар шинээр зохицуулалтуудыг тусгажээ. Мөн хуулийн шинэ зохицуулалт, нэмэлт өөрчлөлт, шинээр нэмэгдсэн чиг үүрэг, цахим шилжилтийн талаар ерөнхий танилцуулга хийлээ.

Биеийн тамир, спортын салбар нь 2003 онд бие даасан хуультай болсон бөгөөд салбарын хуулиараа биеийн тамир, спортын хөгжлийг дэмжих эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн юм.

Таны сурталчилгаа