Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2022-2023 онд хэрэгжих “Хил хязгааргүй номын сан” төслийн нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор музейд боллоо.
Төслийн нээлтэд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг, Хараагүй хүмүүсийн инновац, хөгжлийн төвийн тэргүүн М.Цэнгэл, “Монсудар” хэвлэлийн газрын дэргэдэх “Уншигч” ТББ-ын тэргүүн Бэрт Винсерт, Монгол-Австралийн нийгэмлэгийн төлөөлөл болон албаны бусад зочид оролцов.
Австралийн Элчин Сайдын Яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Номын Сангийн Холбоо хамтран номын сангийн менежментийн програмыг монгол хэлээр хөрвүүлэн номын сангууд нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлэх, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдээр нийтийн номын сангийн сан хөмрөгийн баяжилт хийх, номын санчдыг чадавхжуулах зэрэг төв, орон нутгийн нийтийн номын сангийн хөгжлийг дэмжих олон талт ажлыг хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжиж эхэлснээр 2022 онд Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран Дундговь, Баян-Өлгий, Сэлэнгэ, Архангай аймгийн нийтийн төв номын санд ажиллаж номын санчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулан, техникийн туслалцаа үзүүлээд байна.
Австрали улсын номын сангууд гэр бүлийн гишүүн бүрд хүрч хэрэглэгч төвтэй, тэгш хүртээмжтэй, олон талт, чанартай үйлчилгээ үзүүлдгээрээ дэлхийд тэргүүлдэг. “Хил хязгааргүй номын сан” төсөл сайн туршлагаас дотооддоо нутагшуулах, дотоодын номын сангийн шилдэг туршлагыг салбарын хүрээнд дэлгэрүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.