Монгол Улсын нийслэлд Ази тивийн сагсанбөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд Монголын шигшээ 2 хожилтой байна.
Вьетнам болон Тайланд улсын багууд өчигдрийн эхний тоглолт байсан бөгөөд D хэсгийн энэхүү 7 дахь халз тулаанд Тайландын баг 81:55-аар илүүрхэн тоглож өрсөлдөгч багаа хожлоо. Энэ өдрийн сүүлийн тоглолт буюу D хэсгийн 8 дахь тулаанд талбайн эзэн Монголын баг Таити улсын багтай тоглож 91:62-оор хожиж 2 дахь ялалтаа байгуулав.
Монголын шигшээ баг үлдсэн чухал тоглолтуудын өмнө үндсэн бүрэлдэхүүнээ тоглуулахаас илүүтэй бусад сэлгээний тамирчдаа түлхүү тоглуулсан юм. Ийнхүү тус тоглолтын багийн шилдгээр 18 оноо, 3 самбар, 4 дамжуулалт өгсөн М.Өлзий-Орших тодорсон бол Б.Билгүүн, Т.Санчир, А.Ананд нар 10-аас дээш оноо авч жигд тоглолт үзүүллээ.