Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд АНУ-ын Айова мужийн Коралвилл хотын "Xtream Arena"-д болно. Белградын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багаараа дөрөвдүгээр байрт орсон Монголын шигшээ баг тамирчдын нэрсийг АНУ-ын бөхийн холбоо зарлажээ.
Анх удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг хамтатган хийж буй Сэм авгын дэвжээнд манай улс жин тус бүрт хоёр, нийт 40 бөхтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг очих юм.
Манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Д.Отгонжаргал, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, дэлхийн дэд аварга ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Б.Хулан, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, ОУХМ З.Занабазар, ОУХМ Н.Наранхүү, ОУХМ Э.Даваачимэг гэсэн 11 олимп, дэлхийн медальтантай, энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аваргын алт, мөнгөн медальтнуудыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг баг АНУ-д зорихоор болов.